Японы хууль тогтоогчид тэтгэврийн сангаа дотоодын хувийн хөрөнгө оруулалтад хөрөнгө оруулах чиглэл өглөө.

Япон улсын эрх баригч Либерал Ардчилсан Намын (ЛАН) зарим хууль тогтоогчид тус улсын хамгийн том тэтгэврийн сан болох Засгийн газрын Тэтгэврийн Хөрөнгө Оруулалтын Сан (GPIF)-г дотоодын хувийн хөрөнгө оруулалт болон венчур капиталын сангуудад хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийг уриалжээ. Энэ санаачилга нь Японы хувийн хөрөнгийн хөрөнгө оруулалтын сүлжээг бэхжүүлэх, мөн компаниудын бүтцийн өөрчлөлтөөс үүсэх ашгийг гадаадын хөрөнгө оруулагчдын оронд дотооддоо хадгалах зорилготой юм.

Одоогийн байдлаар, дотоодод хувийн хөрөнгө оруулалтын оролцоо хязгаарлагдмал байгаа бөгөөд Японы Засгийн газрын дэмжлэгтэй Японы Хөрөнгө Оруулалтын Корпораци (JIC) нь ихэвчлэн томоохон хэлцлүүдэд дотоодын ганц оролцогч болж байна. Харин дэлхийн хувийн хөрөнгө оруулалтын компаниуд болох KKR болон Bain Capital зэрэг нь Японы компанийн засаглалын шинэчлэл, хувьцаа эзэмшигчдийн идэвхжил, салбарын нэгтгэлийн бодлогын ачаар амжилттай үйл ажиллагаа явуулж байна.

ЛАН-ын гишүүн Фүмиаки Кобаяаши хэлэхдээ, “Бид байнга KKR болон Bain capital зэрэг хөрөнгө оруулагчид дотоодын томоохон компаниудыг шинэчлэхэд тусалж байгаа талаар сонсдог ч, ийм бүтцийн өөрчлөлтөөс үүсэх ашиг нь АНУ болон Канадын тэтгэврийн сангуудад очиж байна” гэжээ.

Тус бүлгийн саналд GPIF нь дотоодын хувийн хөрөнгө оруулалт болон венчур капитал зэрэг хувилбарт хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх ёстой гэж дурдсан байна. Мөн дотоодын хувийн хөрөнгө оруулалтын сангууд томоохон нэгтгэл, худалдан авалтад оролцох хэрэгтэй гэж Кобаяаши онцолжээ.

Одоогийн байдлаар, хувийн хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгө, дэд бүтэц зэрэг салбарт хөрөнгө оруулж буй дүн нь GPIF-ийн 258.7 их наяд иений ($1.82 их наяд) хөрөнгийн ердөө 1.6%-ийг эзэлж байгаа нь 5%-ийн дээд хязгаараас доогуур байна. Энэхүү санал нь өмнөх Ерөнхий сайд Фүмио Кишидагийн санаачилсан, Японы 5 их наяд ам.долларын хөрөнгө удирдлагын салбарыг өргөжүүлэх бодлогын хүрээнд хийгдэж байна. 

Эх сурвалж: Reuters.com