Бид өдөр тутмын амьдралдаа их бага хэмжээгээр эрсдэлтэй нүүр тулж байдаг. Эрсдэл нь олон төрлийн нөхцөл байдалд өөр өөр үр дагавруудыг дагуулдаг учир эрсдэлийн төрөл тус бүрд тохирсон зохицуулалтуудыг хийж байх нь хамгийн оновчтой юм. Эдгээр олон төрлийн эрсдэлийн нэг нь хөрөнгө оруулалтын эрсдэл юм. Хөрөнгө оруулалт хийсэн болон ирээдүйд хөрөнгө оруулалт хийх гэж буй хөрөнгө оруулагчдын зайлшгүй мэдэх ёстой зүйлийн нэг нь хөрөнгө оруулалтын эрсдэл, түүнийг хэрхэн удирдах арга зам юм. Хөрөнгө оруулалтын эрсдэлийг зөв удирдаж сурснаар амжилттай хөрөнгө оруулагч болох суурь тавигддаг.
Хөрөнгө оруулалтын эрсдэл гэж юу вэ?
Дотоод болон гадаад орчны нөлөөгөөр ирээдүйн тодорхой бус нөхцөл байдлын улмаас хөрөнгө оруулалтын алдагдал хүлээх магадлалыг хөрөнгө оруулалтын эрсдэл гэнэ. Хөрөнгө оруулагч бүрийн эцсийн зорилго нь ашиг олох явдал байдаг. Зарим хүмүүс өндөр эрсдэлтэйгээр их ашиг олохыг хүсдэг бол зарим нь эрсдэл багатайгаар тогтмол ашиг олохыг эрмэлздэг. Иймд хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахаасаа өмнө хөрөнгө оруулалтын зорилго, өөрийн эрсдэл даах чадварын тодорхойлж, тэдгээрт тохирсон хөрөнгө оруулалт хэрэгтэй. Эрсдэл даах чадвар нь хүн бүрийн нөхцөл байдлаас шалтгаалан өөр өөр байдаг. Тухайн хүний нас, санхүүгийн чадвар, эрхэлдэг ажил, одоогийн орлогын хэмжээ, цаашид орлого олох чадвар зэрэг олон хүчин зүйл хөрөнгө оруулалтын эрсдэл даах чадварыг тодорхойлдог.
Жишээлбэл, дөнгөж ажлын гараагаа эхэлж буй өсөх ирээдүйтэй, ганц бие залуу хүн эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийхэд алдагдал хүлээсэн ч гэр бүлийн бусад гишүүдийн өмнө хүлээсэн санхүүгийн хариуцлага байхгүй тул цаашид хөрөнгөө нөхөх, өсгөх хугацаатай тул эрсдэл даах чадвар өндөр гэж үзэж болно. Орлогын олон төрлийн эх үүсвэртэй хүн аль нэг эх үүсвэрээс орж ирэх орлогоор эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийгээд хөрөнгийн үнэ цэнээ алдсан ч бусад хөрөнгөөрөө амьдралаа авч явах боломжтой тул эрсдэл даах чадвар мөн л өндөр байна. Харин орлогын ганц эх үүсвэртэй, хурааж хуримтлуулсан хөрөнгөөрөө амьдарч буй хүмүүс бүх хөрөнгөө эрсдэлтэй хөрөнгөд байршуулах нь зөв шийдвэр биш юм. Энэ бүлэгт хамаарах хүмүүс эрсдэл багатай тогтмол орлоготой хөрөнгө оруулалтын хэрэгсэлд хөрөнгөө байршуулах нь оновчтой сонголт юм.
Ихэвчлэн тухайн хүний нас залуу, хөрөнгө их, орлогын олон эх үүсвэртэй, орлого нь тогтмол, санхүүгийн хэрэгцээ /тухайлбал, хүүхдүүдийн сургууль, цэцэрлэгийн төлбөр гэх мэт/ бага байх тусмаа эрсдэл даах чадвар өндөр байна. Харин нас өндөр, хөрөнгө хуримтлал багатай, санхүүгийн хэрэгцээ ихтэй, тогтмол орлого бага байх тусам эрсдэл даах чадвар бага буюу аль болох болгоомжтой хөрөнгө оруулалт хийх нь зүйтэй юм.
Гэхдээ та хувьцаа, бонд, хадгаламж, үл хөдлөх хөрөнгө зэргээр олон төрлийн хэрэгслүүдэд хөрөнгө оруулалт хийх замаар хөрөнгөө тараан байршуулж, хөрөнгө оруулалтын эрсдэлийг бууруулж болно. Хөрөнгө оруулалт хийхдээ хөрөнгө оруулалтын алтан дүрэм болох бүх өндгөө нэг сагсанд хийхгүй байх зарчмыг үргэлж санаж байх хэрэгтэй.