Фьючерс хэлцэл юу вэ?

Фьючерс хэлцэл нь санхүүгийн болон таваарын зах зээл дээр өргөн хэрэглэгддэг үүсмэл санхүүгийн хэрэгсэл юм. Энэ нь худалдан авагч болон худалдагч талуудын хооронд хийгдсэн, ирээдүйд тодорхой хугацаанд, тодорхой үнээр бараа бүтээгдэхүүн эсвэл хөрөнгө солилцох гэрээг илэрхийлдэг. Форвард хэлцлээс ялгаатай нь фьючерс хэлцлийг зөвхөн биржээр дамжуулан арилждаг онцлогтой.

Бусад хэлцлүүдээс ялгарах үндсэн онцлог нь фьючерсийн гэрээгээр арилжиж буй бараа бүтээгдэхүүн, хөрөнгийг стандартчилсан байдаг. Өөрөөр хэлбэл, эдгээр гэрээнүүд нь гэрээний хэмжээ, чанар, хүргэлтийн хугацаа, нөхцөл зэрэг биржээс тавьж буй тодорхой стандарт шаардлагуудыг хангасан байдаг. Энэ нь хэлцэлд оролцогч талуудад зах зээлийн эрсдэлээс хамгаалах, эсхүл ашиг олох зорилгоор гэрээ хийх боломжийг олгодог.

Фьючерс хэлцэл нь дараах давуу болон сул талуудтай. Үүнд:

Давуу талууд:

  1. Үнийн эрсдэлээс хамгаалах боломжтой.
  2. Зах зээлийн хөшүүргийг ашиглан хөрөнгө оруулалтын ашгийг нэмэгдүүлэх боломжтой.
  3. Томоохон зах зээлд хөрвөх чадвар маш өндөртэй.

Сул талууд:

  1. Зах зээлийн урьдчилан таамаглахад хүндрэлтэй.
  2. Хөшүүргийн өндөр түвшнээс үүдэлтэй алдагдал хүлээх эрсдэлтэй.
  3. Хэлцлийн шимтгэл болон бусад нэмэлт зардалтай.

Монголын зах зээл дэх боломжууд

Фьючерс хэлцэл нь олон улсад хөрөнгө оруулагчдын дунд ихээхэн хэрэглэгддэг санхүүгийн хэрэгсэл боловч дотоодын зах зээл болон хөрөнгө оруулагчид энэ төрлийн хэрэгсэл, түүний ач холбогдлыг бүрэн мэдэхгүй байгаагаас шалтгаалан Монголын Хөрөнгийн Бирж дээр фьючерс хэлцэл хөрвөх чадвар муу, арилжаалагдах боломж дутмаг байгаа билээ. Уул уурхайн биржээр арилжиж буй бүтээгдэхүүнүүд болох нүүрс, зэс, алт зэрэг тавааруудыг стандартлан Монголын Хөрөнгийн Биржээс фьючерс хэлцлийн дэд бүтцийг бэлдэж чадвал Монгол Улсын хөрөнгийн зах зээлд шинэ төрлийн бүтээгдэхүүн нэвтрэх бүрэн боломжтой юм. Ингэснээр фьючерс хэлцлийг ашиглан компаниуд үнийн хэлбэлзлээс хамгаалах боломж бүрдэх юм. МУ-ын зах зээлд фьючерс хэлцлийг бүрэн нэвтрүүлж, идэвхжүүлснээр шинэ хөрөнгө оруулагч нарыг татах, зах зээлийн хэмжээг томруулах ач холбогдолтой хэрэгсэл юм.