Goldman Sachs Саудын Арабт хувийн хөрөнгө удирдлагын компани байгууллаа.

Америкийн хөрөнгө оруулалтын аварга Goldman Sachs компани Саудын Арабын хаант улсад хувийн хөрөнгийн удирдлагын компани байгуулж байгаагаа зарлалаа.

Энэхүү шийдвэр нь тус улсын хурдтай өсөн нэмэгдэж буй баялгийн зах зээл болон хөрөнгөтнүүдийн өсөлттэй холбоотой стратегийн алхам гэж үзэж байна. Goldman Sachs нь анх 2008 онд Саудын Арабт үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд 2024 оны 5-р сард Риядад бүс нутгийн төв оффис байгуулах албан ёсны зөвшөөрөл авсан юм. Тус компанийн Европ, Ойрхи Дорнод, Африкийн бүсийн хувийн хөрөнгийн удирдлагын хамтран удирдагч Роб Маллейн (Rob Mullane) хэлэхдээ, “Саудын Араб бол эдийн засгийн хувьд идэвхтэй, хөрөнгө оруулагчдын бааз өргөнтэй улс. Бид дотоодын болон ОУ-ын хөрөнгө оруулалтын боломжуудыг харилцагчдад нээж өгөхийг зорьж байна” гэж мэдэгджээ.

Энэ алхам нь Саудын Арабын Засгийн газрын “Vision 2030” хөтөлбөртэй нийцэж байгаа бөгөөд тус улс нефтийн орлогоос хамаарлаа бууруулж, санхүүгийн үйлчилгээ болон хөрөнгө оруулалтын салбарыг төрөлжүүлэх бодлого баримталж байгаа билээ. Goldman Sachs мөн тус бүсэд ажиллах шинэ мэргэжилтнүүдийг элсүүлж эхэлсэн бөгөөд ойрын жилүүдэд Саудын Арабт хувийн хөрөнгийн удирдлагын салбараа өргөжүүлэхээр төлөвлөж байна.