Дэлхийн хувийн хөрөнгө оруулалтын сангууд Хятадын зах зээлд эргэн оролцох хандлагатай болжээ.

Дэлхийн томоохон хувийн хөрөнгө оруулалтын сангууд сүүлийн жилүүдэд оролцоо багатай  байсан Хятадын зах зээлд дахин анхаарлаа хандуулж, хөрөнгө оруулалтаа сэргээхийг судалж эхэлжээ. Энэ нь АНУ-ын хөрөнгийн зах зээлд төвлөрсөн хэт их хөрөнгө оруулалтаас зайлсхийж, Азийн шинэ боломжуудыг эрэлхийлэх хандлагатай холбоотой гэж мэдээлэв.

Өнгөрсөн жилүүдэд Хятадын эдийн засгийн өсөлт саарч, зохицуулалтын тодорхой бус байдал нэмэгдсэнээс үүдэн гадаадын хөрөнгө оруулагчид тус улсаас татгалзаж байсан. Гэвч 2025 онд эдийн засгийн тогтворжил, үнэлгээний бууралт болон өрийн түвшний хяналт сайжирч буй нь дахин хөрөнгө татах шалтгаануудын нэг болж байна.

EQT AB компанийн Азийн салбарын зөвлөх хорооны дарга Жан Эрик Салата “Олон сангууд АНУ-ын хөрөнгөнд хэт төвлөрсөн байдалд санаа зовниж байна. Харин Хятадад илүү боломж, уян хатан орон зай бий болж байна” хэмээн онцолжээ.

Сүүлийн үеийн тоон мэдээллээр Хятадад хийгдсэн хувийн хөрөнгө оруулалтын хэлцлүүд 2025 оны эхний арван сарын байдлаар 2024 оны нийт хэмжээг давсан бөгөөд энэ нь 2021 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрч болзошгүй байна. Шинжээчдийн үзэж буйгаар энэхүү чиг хандлага нь хөрөнгө оруулагчдын стратегийн олон улсын тэнцвэрийг сэргээх оролдлого бөгөөд АНУ-ын зах зээлд төвлөрсөн эрсдэлээс зайлсхийж, Азийн урт хугацааны өсөлтийн боломжийг ашиглах зорилготой юм.