Своп хэлцэл гэж юу вэ?

Орчин үеийн санхүүгийн зах зээл дээрх хамгийн чухал үүсмэл санхүүгийн хэрэгслүүдийн нэг нь своп хэлцэл юм. Хэлцэл хийж буй талууд тухайн үеийн ханшаар тохиролцон тодорхой хугацааны туршид мөнгөн урсгал эсвэл хөрөнгөө солилцох гэрээ байгуулах үйл явц бөгөөд компаниуд, санхүүгийн байгууллагууд, хөрөнгө оруулагчдын өргөн ашигладаг хэрэгсэл юм.

Своп хэлцлийн үндсэн ойлголт

Своп хэлцэл нь хоёр тал тодорхой үнийн дүнтэй, хугацаатай, тохиролцсон нөхцөл бүхий хэрэгслийг солилцох гэрээ  юм. Хэлцлийн гол зорилго нь эрсдэлийг бууруулах, хөрөнгө оруулалтын зардлыг оновчтой болгох, санхүүгийн уян хатан байдлыг нэмэгдүүлэхэд оршино.

Своп хэлцэл нь олон хэлбэртэй боловч хамгийн түгээмэл нь хүүгийн своп, валютын своп, барааны своп, зээлийн эрсдэлийн своп гэсэн төрлүүд байдаг. Монгол Улсад валютын своп хэлцэл банкyудын хооронд түгээмэл ашиглагдаж байна.

Своп хэлцлийн төрлүүд ба тэдгээрийн хэрэглээ

  1. Хүүгийн своп (Interest Rate Swap): Тус хэлцлээр нэг тал хувьсах хүүтэй төлбөр төлж, нөгөө тал нь тогтмол хүүтэй төлбөр төлөх даалгаврыг гэрээний үндсэн дээр солилцохоор тохирдог.

Жишээ: Нэг компани хувьсах хүүтэй зээлтэй бол тогтмол хүүтэй болгохын тулд өөр нэгэн талтай хүү солилцох гэрээ байгуулж, өөрийн санхүүгийн тогтвортой байдлыг нэмэгдүүлж болно.

  1. Валютын своп (Currency Swap): Тухайн өдрийн ханшаар валют худалдан авч /худалдаж/ ирээдүйн тохиролцсон ханшаар эргүүлээд худалдах /худалдан авах/ арилжааны 2 хэлцлийг хэлнэ.

Жишээ: АНУ-ын компани еврогоор санхүүжилт татах шаардлагатай бол еврогийн эх үүсвэртэй компанитай доллар, еврогийн валют своп гэрээ байгуулж, валютын ханшийн эрсдэлээс сэргийлж чадна.

  1. Түүхий эдийн своп (Commodity Swap): Түүхий эдийн үнийн хэлбэлзлээс хамгаалах зорилготой.

Жишээ: Газрын тос олборлогч компани ирээдүйд үнэ буурах эрсдэлээс хамгаалах үүднээс худалдан авагч талтай тогтмол үнээр газрын тос солилцох гэрээ байгуулж болно.

  1. Зээлийн своп (Credit Default Swap – CDS): Нэг тал тодорхой хэмжээний төлбөр төлж, хариуд нь зээл төлөгдөхгүй байх тохиолдолд хамгаалалт авдаг. Энэ нь зээлийн эрсдэлийг бууруулахад ашиглагддаг.

Жишээ: Банк зээл олгохдоо тухайн зээл төлөгдөхгүй байх эрсдэлээс хамгаалах үүднээс өөр санхүүгийн байгууллагатай CDS буюу зээлийн своп хэлцэл хийж болно.

Своп хэлцэл нь санхүүгийн зах зээл дээрх эрсдэлийг удирдахад маш чухал хэрэгсэл бөгөөд тус хэлцлийг ашиглахад нарийн тооцоо, судалгаа шаарддаг. Компаниуд болон хөрөнгө оруулагчид өөрсдийн эрсдэлийг багасгах, санхүүгийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэхийн тулд своп хэлцлийг түгээмэл ашигладаг.