Тэрбумтан хөрөнгө оруулагч Билл Акманы удирддаг “Pershing Square Capital Management” хедж сан нь хөрөнгө оруулалтын багцаа шинэчилж, Амазон компанид их хэмжээний хөрөнгө оруулалт хийжээ. Ерөнхийлөгч Дональд Трампын тарифын бодлого худалдааны салбарт үйл ажиллагаагаа явуулдаг “Amazon” компанид их хэмжээгээр нөлөөлөхгүй гэж тэд үзэж тус шийдвэрийг гаргасан байна.
Амазон нь 2 их наяд ам.доллараас дээш үнэлгээтэй дэлхийн хамгийн үнэ цэнтэй компаниудын нэг юм. Амазоны хувьцааны үнэ 4-р сард тарифын мэдээний улмаас унасан нь “Pershing Square”-д худалдан авах томоохон боломжийг олгожээ. Тэд Амазоны “cloud service”-ийн үйлчилгээ болох Amazon Web Services-ийн салбар нь бусад салбарын орлогыг нөхөх чадвартай гэж үзсэн бөгөөд жижиглэн худалдааны бизнесийн орлогод тарифууд мөн ноцтой нөлөө үзүүлэхгүй гэж дүгнэжээ. Мөн тэд Амазоны гүйцэтгэх захирал Эндрю Жассигийн удирдлагад итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Амазонд хөрөнгө оруулахын тулд “Pershing Square” нь Канадын төмөр замын компани болох “Canadian Pacific” дахь хувьцаагаа зарсан байна.
Акман энэ шийдвэрийг хийсэндээ харамсалтай байгаа ч, Амазонд хөрөнгө оруулахын тулд сангийн багцаа ахин хуваарилах шаардлагатай болсон гэжээ. Тэрээр Canadian Pacific-ийн багийг өндөр үнэлдэг бөгөөд компанийн урт хугацааны ирээдүйд итгэлтэй хэвээр байна гэж онцолжээ. Нэмж дурдахад, Pershing Square нь автомашин түрээсийн “Hertz” болон тээврийн “Uber” компанид хөрөнгө оруулалт хийсэн байна. Мөн “Chipotle”, “Hilton”, “Universal Music Group” зэрэг компанид хийсэн хөрөнгө оруулалтаа багасгаж, “Nike”-ийн хувьцааг call option-оор худалдан авчээ.
Эдгээр өөрчлөлтүүд нь “Pershing Square”-ийн технологи болон тээврийн салбар руу чиглэсэн стратегийн шилжилт хийж байгааг харуулсан бөгөөд зах зээлийн нөхцөл байдалд дасан зохицох хөрөнгө оруулалтын стратегийг тод жишээ юм.
Эх сурвалж: Reuters.com