Биткойн цуглуулагч Strategy компани 8 хоногт $2.13 тэрбум ам.долларын биткойн худалдан авчээ.

Биткоиныг үндсэн хөрөнгө оруулалтын стратеги болгосон АНУ-ын Strategy компани (хуучнаар MicroStrategy) ердөө найман хоногийн хугацаанд 2.13 тэрбум ам.долларын үнэ бүхий биткоин худалдан авсан талаар Reuters агентлаг мэдээллээ.

Энэхүү томоохон худалдан авалт нь тус компанийн криптовалютын зах зээлд баримталж буй урт хугацааны стратегийг дахин тодотгож байна. Компанийн мэдээлснээр, Strategy нь 2026 оны 1 дүгээр сарын 12-ноос 19-ний хооронд нийт 22 мянга гаруй биткоин худалдан авсан бөгөөд уг хэлцлүүдийг хувьцааны “at-the-market” арилжааны хөтөлбөрөөр татан төвлөрүүлсэн хөрөнгөөр санхүүжүүлжээ. Үүний үр дүнд компанийн эзэмшиж буй нийт биткоины хэмжээ 700 мянгаас давсан байна. Хэдий худалдан авалтын хэмжээ их байсан ч уг хугацаанд Strategy компанийн хувьцааны ханш 7 гаруй хувиар буурч, биткоины зах зээлийн үнэ ч мөн сулрал үзүүлсэн нь зах зээлийн өндөр хэлбэлзэлтэй холбоотой байв. Гэсэн хэдий ч компанийн удирдлагын зүгээс биткоиныг урт хугацаанд үнэ цэн хадгалах стратегийн гол хэрэгсэл гэж үзсээр байгаа аж.

Криптовалютын зах зээлийн шинжээчдийн тайлбарласнаар, Strategy-ийн худалдан авалтыг зогсолтгүй үргэлжлүүлж буй байдал нь зах зээлд итгэлцлийн дохио өгч байна. Томоохон институцийн тоглогч ийм хэмжээний хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлж байгаа нь биткоиныг урт хугацаанд стратегийн актив гэж харж буйг илтгэж байна гэж тэд онцолжээ. Strategy компани анх программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан ч 2020 оноос эхлэн биткоиныг компанийн санхүүгийн бодлогын гол тулгуур болгож, дэлхий дахинд хамгийн их биткоин эзэмшдэг олон нийтийн компаниудын нэг болоод байгаа юм.

Шинжээчдийн үзэж буйгаар, Strategy-ийн энэхүү худалдан авалт нь биткоины зах зээлд институцийн оролцоо хэвээр байгааг харуулж, дижитал хөрөнгийг уламжлалт санхүүгийн системийн нэг хэсэг болгон хүлээн зөвшөөрөх үйл явцыг хурдасгаж болзошгүй байна.