АНУ-ын Лос Анжелес хотод төвтэй дэвшилтэт радарын технологи үйлдвэрлэгч Chaos Industries компани Series D шатны санхүүжилтээр 510 сая ам.доллар босгосноо пүрэв гарагт мэдэгдэв. Энэ хөрөнгө оруулалт нь батлан хамгаалах технологийн салбар эрчимтэй өсөж буй энэ үед хийсэн томоохон хэлцлийн нэг болж байна. Шинэ санхүүжилтийн үеийг Valor Equity Partners удирдан оролцсон бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирал Антонио Грасиас Chaos Industries-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд нэгдэхээр болсон байна.
2022 онд байгуулагдсан тус компани цэргийн болон хил хамгаалалтын байгууллагуудад зориулсан дроныг илрүүлэх өндөр нарийвчлалтай радарын систем хөгжүүлдэг. Series D санхүүжилтийн дараа компанийн үнэлгээ 4.5 тэрбум ам.долларт хүрсэн гэж эх сурвалжууд мэдээлжээ.
Chaos-ийн технологийн гол онцлог нь Coherent Distributed Networks (CDN™) хэмээх түгээлттэй радарын систем юм. Энэ нь уламжлалт радаруудаас илүү хол зайд, өндөр мэдрэмжтэйгээр жижиг дрон, нисдэг төхөөрөмж болон нисэх хэрэгсэл зэргийг илрүүлэх чадвартай гэж компанийн гүйцэтгэх захирал Жон Тенет онцоллоо. Түүний хэлснээр систем нь “хэдэн зуун километрийн зайнаас ч дроныг илрүүлэх боломжтой”. Chaos Industries шинэ хөрөнгө оруулалтыг үйлдвэрлэлээ өргөжүүлэх, нийлүүлэлтийн хүчин чадлаа нэмэгдүүлэх, инженер-техникийн багийг тэлэхэд зарцуулах төлөвтэй байна.
Тус компани одоогоор АНУ-ын Агаарын цэргийн хүчинтэй 2 сая ам.долларын гэрээ хэрэгжүүлж байгаа бөгөөд ойрын хугацаанд цэргийн болон төрийн байгууллагуудтай хэд хэдэн шинэ гэрээ байгуулах боломжтой гэж компанийн удирдлагууд мэдээлжээ. Батлан хамгаалах технологийн хөрөнгө оруулалт 2025 онд огцом өсөж, PitchBook-ийн мэдээлснээр тус салбарт хийгдсэн нийт хөрөнгө оруулалт 300 тэрбум ам.долларт хүрсэн нь энэ чиглэлийн стартапуудад хөрөнгө оруулагчдын анхаарал урьд хожид байгаагүйгээр нэмэгдэж буйг харуулж байна.
Chaos Industries-ийн шинэ санхүүжилт нь дрон заналхийллийн өсөлттэй уялдан дэлхий даяар эрэлт нь нэмэгдэж буй дрон эсэргүүцэх технологийн зах зээл улам бүр тэлж буйг баталгаажууллаа.