Индекс гэж юу вэ?

Индекс гэж юу вэ? Түүнийг хэрхэн бүрдүүлдэг вэ?

Санхүүгийн зах зээл дээр “индекс” гэдэг нь тодорхой зах зээл, салбар эсвэл хөрөнгийн багцын нийт гүйцэтгэлийг хэмжих хэрэгсэл болдог. Индексүүд нь хөрөнгө оруулагчдад зах зээлийн ерөнхий чиг хандлагыг ойлгох, өөрийн хөрөнгө оруулалтыг удирдах, болон шийдвэр гаргахад чухал үүрэг гүйцэтгэх хэрэгсэл болдог.

Бидний сайн мэдэх S&P 500 индекснь АНУ-ын хөрөнгийн бирж дээр арилжигддаг урт хугацаанд өсөлттэй байдаг 500 компанийн хувьцааны багц байдаг. Энэ индекс нь АНУ-ын хөрөнгийн зах зээлийг шинжихэд хэрэглэгддэг томоохон үзүүлэлтийн нэг болдог бөгөөд S&P 500-ийн үнэ өсөх нь нийт зах зээл өсөх хандлагатай байгааг, харин үнэ буурах нь зах зээл уналттай байгааг илтгэдэг.

Индексүүд нь олон төрөл байдаг бөгөөд тодорхой зах зээл, салбар эсвэл бүтцэд хамаарах аливаа хөрөнгө оруулалт хийхэд тухайн зах зээлтэй холбоотой индексүүдийн шинжилгээ хийх нь ихээхэн тустай байдаг. Жишээ нь, хэрвээ та Японы зах зээлд хөрөнгө оруулалт хийхээр сонирхож байгаа бол, Nikkei 225 гэх мэт Японы томоохон индексүүдийг судалж, хөрөнгө оруулалтын шийдвэрээ гаргах боломжтой. Индексүүдэд хөрөнгө оруулах нь дараах давуу талуудыг бий болгодог. Үүнд:

  • Хөрөнгө оруулалтаа төрөлжүүлэх
  • Хөрвөх чадвар сайтай хөрөнгө оруулалтын хэрэгсэл эзэмших
  • Урт хугацаанд өгөөж хүртэх хөрөнгө оруулалтын хэрэгсэл эзэмших

Индексүүдийг хэрхэн бүрдүүлдэг вэ?

Индекс бүрдүүлэхэд нарийн судалгаа, тодорхой шалгуурууд, жинлэх аргачлалуудыг ашигладаг. Үүнийг дэлгэрэнгүй тайлбарлавал:

1. Судалгааны хүрээг тодорхойлох

Индекс бүрдүүлэх эхний алхам нь ямар үнэт цаасаар багцаа бүрдүүлэхийг тодорхойлох явдал юм. Энэ нь индексийн зорилгоос шалтгаална. Жишээлбэл:

  • Зах зээлийн индекс: Томоохон компаниудыг хамруулдаг (жишээ нь: S&P 500).
  • Салбарын индекс: Тодорхой салбарт хамаарах компаниудыг хамруулдаг (жишээ нь: Технологийн салбарын индекс).
  • Газарзүйн индекс: Тухайн бүс нутгийн компаниудыг хамруулдаг (жишээ нь, Азийн зах зээлийн индекс).

2. Жишиг үнэт цааснуудыг сонгох

Индексэд багтах хөрөнгүүдийг сонгохдоо дараах шалгууруудыг ашигладаг. Үүнд:

  • Зах зээлийн үнэлгээ: Тодорхой хэмжээнээс дээш үнэлгээтэй компаниудыг багтаана.
  • Хувьцааны эргэлтийн хэмжээ: Өдөр тутмын арилжааны идэвхийг харгалзан үзнэ.
  • Салбар болон газарзүйн төлөөлөл: Тухайн салбар эсвэл бүс нутгийн төлөөллийг хангана.

3. Индексэд оруулах үнэт цаасыг жинлэх

Индексийг бүрдүүлж буй үнэт цаасуудын хувь хэмжээг буюу жинг тодорхойлох нь чухал. Үүнийг хийх хэд хэдэн арга байдаг. Үүнд:

  • Зах зээлийн үнэлгээний жинлэлт: Энэ төрлийн аргыг ашиглахад том компаниын үнэт цаас илүү их жин эзэлдэг. Энэ арга нь S&P 500 зэрэг индексүүдэд өргөн хэрэглэгддэг.
  • Тэнцүү жинлэлт: Энэ төрлийн аргыг ашиглахад бүх үнэт цаас ижил жин эзэлдэг.
  • Үнийн жинлэлт: Энэ төрлийн аргыг ашиглахад үнэт цаасны үнэд харгалзах жин эзэлдэг. Жишээ нь, Dow Jones Industrial Average индекс.

4. Индексийг шинэчлэх

Индексийг цаг хугацааны явцад тогтмол шинэчилж, өөрчлөлт хийх шаардлагатай байдаг. Шинэчлэлтийг хийхдээ:

  • Компани нэмэх эсвэл хасах: Тодорхой шалгууруудыг хангаж чадахгүй болсон компаниудыг хасаж, шаардлага хангасан шинэ компаниудыг нэмдэг.
  • Жингийн дахин тохируулга хийх: Зах зээлийн нөхцөл байдлыг тусгасан өөрчлөлт оруулж, индексэд эзлэх жинд тохируулга хийдэг.

Индексүүдийг хэрхэн ашигладаг вэ?

Индексүүдийг хөрөнгө оруулагчид дараах зорилгоор ашигладаг. Үүнд:

  • Зах зээлийн гүйцэтгэлийг хэмжиж, ерөнхий чиг хандлагыг тодорхойлох.
  • Индексэд суурилсан хөрөнгө оруулалтын сангуудын суурь болгон ашиглах.
  • Зах зээлийн хөдөлгөөн болон эрсдэлийг үнэлэх зорилгоор судалгаа, дүн шинжилгээ хийх.

Индекс нь зах зээлийн гүйцэтгэлийг хэмжих хүчирхэг хэрэгсэл бөгөөд түүнийг бүрдүүлэхэд нарийн судалгаа, тодорхой шалгуурууд, жинлэх аргачлалуудыг ашигладаг. Зах зээл, салбар, бүс нутгийн төлөөллийг багтаасан индексүүд нь хөрөнгө оруулагчдад зах зээлийн ерөнхий чиг хандлагыг ойлгоход тусалдаг төдийгүй, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад найдвартай суурь болдог.