Хувьцаа гэж юу вэ?

Хувьцаа нь компанийн тодорхой хэсгийг эзэмших эрхийг хэлэх буюу компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдан борлуулснаас олсон орлогоос хувь хүртэх болон хуулиар тогтоосон бусад эрхийг гэрчилсэн үнэт цаас юм.

Хувьцаа нь энгийн болон давуу эрхийн хувьцаа гэсэн 2 төрөл байдаг.

Энгийн хувьцаа эзэмшигч ихэнхдээ тухайн компанийн хувьцаа эзэмшигчдийн хуралд саналын эрхтэй оролцох болон ногдол ашиг авах эрхтэй байдаг. Харин давуу эрхийн хувьцаа эзэмшигч саналын эрхгүй боловч тогтмол хэмжээний ногдол ашгийг энгийн хувьцаа эзэмшигчээс тэргүүн ээлжид авах эрхтэй байдаг.

Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар тухайн хугацаанд хуримтлагдсан ашгаас ногдол ашиг тараах эсэх асуудлыг шийдвэрлэдэг бөгөөд зарим тохиолдолд хуримтлагдсан ашгаа компанийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд ашиглаж, ногдол ашиг тараахгүй байх шийдвэрийг гаргаж болдог. Харин давуу эрхийн хувьцаа эзэмшигчийн хувьд компани алдагдалтай ажиллаж байсан ч ногдол ашиг авдаг. Бүх компани энгийн хувьцаа гаргах үүргийг хуулиар хүлээдэг бол давуу эрхийн хувьцааг өөрийн сонголтоор гаргадаг байна.