Хэдж сангууд хэлбэлзэл ихтэй 11-р сард өндөр гүйцэтгэлтэй ажиллаа.

2025 оны 11-р сард дэлхийн хөрөнгийн зах зээл технологийн салбарын огцом уналт, индексүүдийн зөрүүтэй хөдөлгөөн зэрэг өндөр хэлбэлзэлтэй байлаа. Гэсэн ч хэдж сангуудын нийт гүйцэтгэл хүлээлтээс давж, хөрөнгө оруулагчдын хувьд тогтвортой орлого авчирсан сар болжээ.

Goldman Sachs-ийн гаргасан салбарын үнэлгээгээр олон төрлийн стратеги баримталдаг хэдж сангууд 11-р сард нийтдээ 1.1%-ийн өсөлт үзүүлсэн байна. Энэ нь технологийн салбар болон Nasdaq индекс 1.5%-иар унасан, харин Dow Jones ердөө 0.3%-ийн өсөлттэй байсан энэ үед нэлээдгүй сайн үзүүлэлт байв. Сангуудын жилийн гүйцэтгэл ч эерэг хэвээр байгаа бөгөөд 2025 оны эхнээс тооцвол 15% орчим өгөөж авчээ. Хэлбэлзэл өндөртэй зах зээлд ийм үр дүн үзүүлсэн нь хэдж сангуудын стратегийн төрөлжилт, эрсдэлийн удирдлага нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байна.

Эрүүл мэндийн салбар хамгийн том дэмжлэг болов. 11-р сард хэдж сангуудын амжилтын гол хүчин зүйл нь хөрөнгө оруулалтын зөв салбар сонголт байлаа. Эрүүл мэндийн салбар энэ сард 7%-ийн өсөлт үзүүлсэн нь хэдж сангуудын багцын хамгийн том эерэг нөлөө болж өгсөн байна. Энэ салбар оны эхнээс хойш нийтдээ бараг 30%-ийн өсөлттэй байгаа нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг улам нэмэгдүүлжээ.

Квант болон систематик стратегитай сангууд мөн хүчтэй өсөв. Алгоритм-тулгуурласан систематик ба квант стратеги барьдаг хэдж сангууд 11-р сард 3.7% өсөлттэй ажиллаж, 2025 оны гуравдугаар сараас хойших хамгийн сайн сарын гүйцэтгэлийг үзүүлсэн байна. Хурдтай өөрчлөгдөх зах зээлийг математик загвараар таамагладаг эдгээр стратеги нь хэлбэлзэл нэмэгдсэн үед илүү давуу талтай байдаг.

Эсрэгээрээ технологи, медиа, телеком (TMT) салбар руу төвлөрсөн хэдж сангууд 0.8%-ийн уналттай байв. АНУ-ын томоохон технологийн хувьцаанууд унасан нь энэ сард салбарын нийт гүйцэтгэлд сөргөөр нөлөөлсөн ч олон хэдж сангууд АНУ-ын TMT компанийн хувьцааг худалдан авч, урт хугацааны байрлалаа хэвээр хадгалсан байна.