Хятадын хөрөнгийн биржүүд өдрийн арилжааны дүнг хязгаарлаж байна.

2025 оны 4-р сарын 11-нд Шанхай хотоос өгсөн мэдээллээр, АНУ-тай өрнөж буй худалдааны дайны хурцадмал байдалтай холбоотойгоор Хятадын хөрөнгийн биржүүд хедж сан болон томоохон хөрөнгө оруулагчдын өдрийн хувьцааны зарах арилжааны дүнд хязгаарлалт тогтоожээ.

Хөрөнгө оруулагчдын мэдээлснээр, брокерын компаниудаас аман анхааруулга хэлбэрээр өдөрт 50 сая юанийн ($6.83 сая) хязгаар тогтоосон бөгөөд энэ хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд арилжааны дансыг түр зогсооно гэж мэдэгджээ. Энэхүү арга хэмжээ нь Бээжингийн дотоодын хөрөнгийн зах зээлийг тогтворжуулах зорилтын нэг хэсэг бөгөөд дэлхий даяар өрнөж буй их хэмжээний хувьцааны үнийн уналтаас Хятадын зах зээлийг хамгаалахад чиглэж байна гэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын бараа бүтээгдэхүүнд өндөр тариф тогтоосны хариуд, Хятад улс АНУ-ын импортын бараанд 125% хүртэлх тариф нэмэгдүүлсэн. Түүнчлэн, төрийн өмчит “Central Huijin” хөрөнгө оруулалтын сан хувьцааны худалдан авалтаа нэмэгдүүлэхээ амласан бөгөөд мөн олон тооны ХБ-д бүртгэлтэй компаниуд хувьцаагаа эргүүлэн худалдан авч эхэлжээ. Тэргүүлэх брокерын компаниуд хувьцааны худалдан авалтаа мөн нэмэгдүүлж зах зээлийн тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлж байна.

Брокерын компаниудад хувийн сан болон томоохон хөрөнгө оруулагчдын арилжааг нарийн хянах үүрэг өгсөн бөгөөд хэрэв зах зээлийн нөхцөл байдал дордвол өдрийн хувьцааны зарах арилжааны хязгаарлалтыг цаашид чангатгаж болзошгүй гэж мэдэгджээ.

Өнгөрсөн Баасан гарагт Хятад болон Хонконгийн хувьцааны зах зээл сэргэж, долоо хоногийн эхэнд гарсан алдагдлаа нөхжээ.