Хөрөнгө оруулагчид 2026 онд төрөлжсөн стратегитай хедж сангууд руу илүү их хөрөнгө оруулна.

2026 онд институциональ хөрөнгө оруулагчид болон хөрөнгийн мэнежерүүд (asset allocators) олон стратегитай хедж сангууд руу илүү их капитал төвлөрүүлэх хандлага ажиглагдаж байна гэж Bank of America (BofA)-ын судалгаандаа дурджээ.

BofA-ын явуулсан судалгаанд 280 орчим институциональ хөрөнгө оруулагч хамрагдсан бөгөөд судалгааны үр дүнгээс харахад хөрөнгө оруулагчид цөөн тооны боловч том хэмжээтэй, төрөлжсөн стратегийг нэг дор хэрэгжүүлдэг хедж сангуудыг илүүд үзэх болсон нь тодорхой болжээ. Үүний улмаас хөрөнгө оруулагчийн портфолиод багтдаг хедж сангийн тоо буурч, харин нэг санд ногдох хөрөнгө оруулалтын дундаж хэмжээ мэдэгдэхүйц өссөн байна.

Тухайлбал, нэг хөрөнгө оруулагчийн эзэмшдэг хедж сангийн тоо 2024 онд дунджаар 20 байсан бол 2025 онд 18 болж буурсан байна. Харин нэг хедж санд ногдох дундаж хөрөнгө оруулалтын хэмжээ 42 сая ам.доллароос 50 сая ам.доллар болж өсжээ. Энэ нь хөрөнгө оруулагчид эрсдэлийг илүү төвлөрсөн, мэргэжлийн удирдлагатай сангуудаар дамжуулан удирдахыг зорьж буйг харуулж байна.

Судалгаанд оролцогчдын 62 хувь нь 2025 онд хедж сангууд руу чиглүүлэх хөрөнгө оруулалтын хэмжээгээ нэмэгдүүлэх боломж бүрдсэн гэж хариулсан нь өмнөх оны 17 хувийн үзүүлэлттэй харьцуулахад огцом өссөн дүн юм. Мөн оролцогчдын 51 хувь нь 2026 онд хедж сангийн хөрөнгө оруулалтаа цаашид нэмэгдүүлэх төлөвтэй байгаагаа илэрхийлжээ. BofA-ын тайланд дурдсанаар, 2025 онд дэлхийн хэмжээнд хедж сангийн салбарын удирдаж буй нийт хөрөнгийн хэмжээ бараг 5 их наяд ам.долларт хүрсэн бөгөөд үүнд сангуудын гүйцэтгэл сайжирсан явдал болон ойролцоогоор 71 тэрбум ам.долларын шинэ хөрөнгийн урсгал голлон нөлөөлсөн байна.