Ассет Менежмент гэж юу вэ?

Хөрөнгө оруулалт менежментийн компани буюу ХОМК нь харилцагчийн мөнгөн хөрөнгийг хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан удирдаж, сангийн хөрөнгийг олон төрлийн хэрэгсэлд хөрөнгө оруулах замаар харилцагчид зорилтот өгөөжийг хүртээх зорилготой компани юм.

Та өөрийн хөрөнгийг банкны хадгаламжид байршуулж, жил бүр 10% өгөөж хүртэж болно. Харин хувьцаа, бонд, үүсмэл санхүүгийн хэрэгсэл зэрэг хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүнүүдэд хөрөнгө оруулалт хийж, оновчтой багц бүрдүүлснээр илүү өндөр өгөөж хүртэх боломжтой. Танд Монголын төдийгүй дэлхийн хэмжээний топ компаниудын хувьцааг худалдан авч, топ компанийн хувьцаа эзэмшигч болж, хамтдаа өсөх боломж байна. Үүнийг хийхэд танаас хөрөнгийн зах зээлийн мэдлэг, туршлага, цаг хугацаа, хүчин чармайлт их шаардлагатай болно. Тэгвэл хөрөнгө оруулалт менежментийн компани таны ажлыг хөнгөвчилж, цаг хугацааг хэмнэдэг давуу талтай. Мөн салбартаа туршлагатай мэргэжлийн баг хамт олны судалгаа шинжилгээ, зах зээлийн таамаглал, компанийн тайлан шинжилгээ, эрсдэлийн үнэлгээ зэрэг олон төрлийн мэдээлэл, хүчин зүйл дээр тулгуурлан хөрөнгө оруулалтыг хийдэг. Иймд тэд таны өмнөөс оновчтой шийдвэрүүдийг гаргаж, таны хөрөнгийг эрсдэл, өгөөжийн оновчтой түвшинд удирддаг.

Дэлхий даяар хөрөнгө оруулалтын менежментийн компаниудын удирдаж буй хамтын сангийн хөрөнгө нь 100 их наяд ам.доллар давж, Монгол Улсын ДНБ-ийг 5000 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө эргэлддэг том салбар юм. Энэ хэмжээгээрээ тэд дэлхийн бүхий л салбарт хүчтэй тоглогч байж чаддаг бөгөөд олон улсын томоохон шийдвэрүүдэд ч нөлөөлж чадах хэмжээнд хүрээд байна.

Дэлхий дахинд үйл ажиллагаа явуулж буй хөрөнгө оруулалт менежментийн компани болон тэдний удирдаж буй хөрөнгө оруулалтын сангууд нь зорилт, үйл ажилллагааны чиглэлийн хувьд олон төрөл байдаг хэдий ч тэднийг нэгтгэж буй нийтлэг зорилго нь харилцагчийн хөрөнгийг нэмэгдүүлж, тэднийг санхүүгийн тухтай байдалд хүрэхэд нь туслах юм.