Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй хууль тогтоомжийн дагуу Хөрөнгө оруулалтын сан нь хөрөнгө оруулагчийн төрөл, үйл ажиллагааны онцлогоос шалтгаалан хамтын болон хувийн хөрөнгө оруулалтын сан гэсэн хэлбэртэй байна.
Хамтын хөрөнгө оруулалтын сан
Хамтын хөрөнгө оруулалтын сан нь сангийн нэгж эрхийг олон нийтэд санал болгох замаар хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг татан төвлөрүүлж, боловсруулсан баримт бичгийн дагуу үнэт цаас, бонд, хувьцаа зэрэг хөрөнгийн зах зээл дэх зөвшөөрөгдсөн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийдэг. Хамтын хөрөнгө оруулалтын сан нь нэгж эрхийн гаргалт, нэгж эрхийн хөрвөх чадвар, үнэлгээний арга зүйн онцлог зэргээс шалтгаалан дараах 3 төрөлтэй байна. Үүнд:
Хамтын нээлттэй хөрөнгө оруулалтын сан нь үнэт цаасаа бусдад худалдахаар байнга санал болгож, эрэлтийн хэмжээгээр гаргадаг бөгөөд үнэт цаасаа эргүүлэн худалдан авах үүрэг хүлээдэг.
Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан нь үүсгэн байгуулагчаас тогтоосон хөрөнгийн хэмжээнд багтаан нийтэд санал болгох хэлбэрээр үнэт цаас гаргаж, зах зээлийн үнээр худалддаг, өөрийн гаргасан үнэт цаасыг эргүүлэн худалдан авах үүрэг хүлээдэггүй.
ETF буюу Биржээр арилжаалагддаг сан ордог бөгөөд олон төрлийн хөрөнгийн ангилалд, хялбараар хөрөнгө оруулах боломжийг олгодог санхүүгийн бүтээгдэхүүн юм. Тус сан нь нэгж эрхийн биржийн үнэ нь NAV-аас өндөр хувиар зөрдөггүй давуу талтай.
Хувийн хөрөнгө оруулалтын сан
Хувийн хөрөнгө оруулалтын сан нь цөөн тооны буюу зөвхөн мэргэжлийн хөрөнгө оруулагчдаас хөрөнгө оруулалтын эх үүсвэрээ татан төвлөрүүлж, хөрөнгийн зах зээл дэх бүх төрлийн санхүүгийн хэрэгслүүдэд хөрөнгө оруулалт хийдэг сан юм. Хувийн хөрөнгө оруулалтын санг компанийн хэлбэрээс гадна гэрээний хэлбэртэй байгуулж болдог.
Компанийн хэлбэртэй хөрөнгө оруулалтын сан: Хөрөнгө оруулагч нь үнэт цаасны багцад хөрөнгө оруулах зорилго бүхий компанийн хувьцаа буюу нэгж эрхийг худалдан авах замаар тухайн компанийн хувьцаа эзэмшигч болно. Санг үүсгэн байгуулсан Хөрөнгө оруулалтын менежментийн компани нь сангийн хөрөнгийн багцын удирдлагыг хэрэгжүүлэх бөгөөд сангийн хөрөнгө оруулагч буюу нэгж эрх эзэмшигчдийн ашиг сонирхлыг тэргүүн ээлжид тавьж ажилладаг. Хөрөнгө оруулалтын сангийн төлөөлөн удирдах зөвлөл нь сангийн өдөр тутмын үйл ажиллагаа болон санд үйлчилгээ үзүүлэгч этгээдүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж сангийн засаглалд чухал үүрэг гүйцэтгэнэ.
Гэрээний хэлбэртэй хөрөнгө оруулалтын сан: Сангийн хөрөнгө оруулагч хууль, эрх зүйн хүрээнд оршин тогтнодоггүй үнэт цаасны багцад хувь эзэмших буюу гэрээнд үндэслэн нэгж эрх худалдан авч буй сангийн хэлбэр юм. Энэ төрлийн сангийн үйл ажиллагаа талуудын хооронд байгуулсан гэрээний үндсэн дээр явагдана. Хөрөнгө оруулалтын менежментийн компани нь сангийн хөрөнгийн багцын удирдлагыг хэрэгжүүлэх бөгөөд сангийн хөрөнгө оруулагч буюу нэгж эрх эзэмшигчдийн ашиг сонирхлыг тэргүүн ээлжид тавьж ажилладаг.