Хөрөнгө оруулалтын сан нь олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгийг мэргэжлийн түвшинд судалгаа хийж, хөрөнгө оруулалтын шийдвэрт үндэслэн үнэт цаас худалдан авах замаар өсгөдөг санхүүгийн хэрэгсэл юм.
Анхны хөрөнгө оруулалтын сан /mutual fund/ буюу хамтын хөрөнгө оруулалтын сан нь 1772-1773 онд Нидерланд Улсын Амстердам хотод үүссэн гэж үздэг. Тус хөрөнгө оруулалтын сан нь “Эндрагт Макт Магт/Eendragt Maakt Magt/” нэр доор үүсгэн байгуулагдсан бөгөөд “Олны хүч оломгүй далай” гэсэн монгол зүйр үгтэй утга ижил юм. Анхдагч болсон тус хөрөнгө оруулалтын сан нь иргэд, жижиг хөрөнгө оруулагчдаас хөрөнгө татан төвлөрүүлж ашигтай бонд болон бусад санхүүгийн хэрэгслүүдэд жигд тархаан байршуулан хөрөнгө оруулалт хийж эхэлжээ. Ийнхүү хамтын хөрөнгө оруулалтын сан үүссэнээр иргэдийн хувьд хөрөнгийн хэмжээ бага байсан ч багцаа төрөлжүүлж илүү өндөр өгөөж хүртэх боломж олгосон.
Тус үйл явдлаас хойш Их Британ, АНУ-уудад мөн адил хөрөнгө оруулалтын сангуудыг үүсгэн байгуулж эхэлсэн. 1924 онд анхны нээлттэй хамтын сан АНУ-д “Массачусетсийн хөрөнгө оруулалтын сан” нэртэйгээр байгуулагдаж хөрөнгө оруулалт менежментийн компанийн үндсийг тавьж, хөрөнгө оруулалтын сангийн цаашдын хөгжлийн суурь болсон. Нээлттэй хамтын сан бий болсноор хөрөнгө оруулалтын зорилтот хугацаа дуусаагүй байсан ч хөрөнгө оруулагчдад мөнгөө буцаан татах, дахин хөрөнгө оруулалт хийх зэрэг шинэ боломжуудыг бий болгосон.
Монгол улсад хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль анх 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан бөгөөд 5н удаа нэмэлт өөрчлөлт орсон. Энэ хугацаанд улсын хэмжээнд хамтын хөрөнгө оруулалтын сан 6, хувийн хөрөнгө оруулалтын сан 40 үүсгэн байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байна.
Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй хууль тогтоомжийн дагуу хөрөнгө оруулалтын сан нь хөрөнгө оруулагчийн төрөл, үйл ажиллагааны онцлогоос шалтгаалан хамтын болон хувийн хөрөнгө оруулалтын сан гэсэн хэлбэртэй байдаг. Хамтын хөрөнгө оруулалтын сан нь олон нийтэд нээлттэй байдаг харин хувийн хөрөнгө оруулалтын сан нь зөвхөн мэргэжлийн хөрөнгө оруулагч нарт зориулагдсан.