BlackRock-ийн 2025 оны IV-р улирлын ашиг өсч, ETF болон индекс сангийн эрэлт нэмэгдлээ.

Дэлхийн хамгийн том хөрөнгийн удирдлагын компани BlackRock 2025 оны дөрөвдүгээр улиралд ашиг, орлогоо өсгөж, зах зээлийн хүлээлтээс давсан үр дүн үзүүллээ.

Энэ өсөлтийн гол хүчин зүйл нь ETF болон индекс хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн рүү чиглэсэн хүчтэй хөрөнгийн урсгал байсныг эх сурвалж мэдээллэв. Тус улиралд BlackRock нэгж хувьцаанд ногдох ашгаа 13.16 ам.долларт хүргэсэн нь шинжээчдийн таамаглалаас өндөр үзүүлэлт байв. Компанийн нийт орлого 7 тэрбум ам.доллар болж, ETF-ийн бизнес компанийн өсөлтийн гол хөдөлгөгч хэвээр байгааг харуулжээ. IV улиралд нийт 342 тэрбум ам.долларын шинэ хөрөнгө оруулалт татсан бол 2025 оны нийт эх үүсвэрийн таталт 698 тэрбум ам.долларт хүрч, түүхэн дээд хэмжээнд хүрсэн байна. Үүний дийлэнхийг iShares брэндийн ETF-үүд болон индекс сангууд бүрдүүлжээ.

Зах зээлийн өсөлт болон хөрөнгө оруулагчдын идэвхтэй оролцооны дүнд BlackRock-ийн удирдаж буй нийт хөрөнгийн хэмжээ 14 их наяд ам.долларт хүрч, шинэ дээд түвшинд гарсан байна. Мөн компанийн удирдлага ногдол ашгаа нэмэгдүүлж, хувьцаа буцаан авалтын хөтөлбөр хэрэгжүүлэхээ зарласан нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүллээ.