Carlyle Group: Хоёр дахь зах зээлээс хувьцаа худалдан авахад зориулан 20 тэрбум ам.долларын хөрөнгө босгов.

Дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын компаниудын нэг болох Carlyle Group хоёр дахь зах зээл буюу “second-hand” хувийн хөрөнгө оруулалтын хувьцаа худалдан авахад зориулж 20 тэрбум ам.долларын хөрөнгийг амжилттай татан төвлөрүүлжээ.

Сүүлийн жилүүдэд IPO болон уламжлалт хөрөнгө худалдан авах хэлцлүүд хумигдсан нь хөрөнгө оруулагчдад өөр гарц эрэлхийлэх шаардлага үүсгэсэн. Энэ нөхцөл байдал нь хоёр дахь зах зээлийг эрчимтэй өсгөж, хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах болжээ. Судалгаагаар 2019 онд 273 тэрбум ам.долларын үнэлгээтэй байсан энэхүү зах зээл 2024 он гэхэд 601 тэрбум ам.долларт хүрч, хувийн хөрөнгийн нийт зах зээлийн 5 хувийг эзэлсэн байна.

Carlyle-ийн охин компани болох AlpInvest Partners энэхүү хөрөнгө босголтын төвд байв. Тус компанийн Secondaries Fund VIII нь 15 тэрбум ам.долларын дээд хэмжээнд (“hard cap”) хүрч, нэмэлтээр институционал хөрөнгө оруулагчдаас 3.2 тэрбум ам.долларын ко-инвестмент, өндөр орлоготой хувь хүн болон хөрөнгө оруулалтын сангуудаас 2 тэрбум ам.доллар татан төвлөрүүлсэн байна. Үр дүнд нь нийт хөрөнгө 20 тэрбум ам.доллар болжээ.

2024 оны байдлаар хувийн хөрөнгө оруулалтын зах зээлд 29,000 гаруй компани, 3.6 их наяд ам.долларын хөрөнгөтэй байгаа бөгөөд эдгээрийн олонх нь хөрөнгө оруулалт татах гарц хайж буйг шинжээчид онцолж байна. IPO болон худалдааны хэлцэл сааралттай байгаа энэ үед хоёр дахь зах зээлийн сангууд нь хөрөнгө оруулагчдад хөрөнгөө илүү уян хатан, эрт хугацаанд бэлэн мөнгө болгох боломж олгож буй нь Carlyle-ийн томоохон алхмыг дэмжсэн шалтгаан болжээ.