ESG буюу гэгээлэг ирээдүйд хөрөнгө оруулах нь

Сүүлийн жилүүдэд дэлхий даяар хөрөнгө оруулагчид зөвхөн санхүүгийн ашиг олохоос гадна хөрөнгө оруулалтын байгаль орчин, нийгэм, засаглал (ESG – Environmental, Social, Governance)-д үзүүлэх нөлөөллийг чухалчилж үздэг болсон. ESG хөрөнгө оруулалт нь хүрээлэн буй орчин, нийгмийн сайн сайхан, тогтвортой хөгжилд анхаарал хандуулж, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргадаг хэн бүхний сонголт болсоор байна.

ESG гэж юу вэ?

ESG гэдэг нь байгаль орчин (Environmental), нийгэм (Social), засаглал (Governance) гэсэн гурван үгийн товчлол бөгөөд байгаль орчин, нийгэм, засаглалд эерэг нөлөөлөл үзүүлэх хөрөнгө оруулалт хийх хандлага, зарчмыг илэрхийлсэн үзүүлэлт юм. Эдгээр үзүүлэлтүүдийг хөрөнгө оруулалтын шийдвэр болон үр дүнд дараах байдлаар үнэлж байна.

Байгаль орчин (Environmental) – Хөрөнгө оруулалтын байгаль орчинд үзүүлэх нөлөөг үнэлдэг. Үүнд, нүүрстөрөгчийн ялгарал, усны хэрэглээ, хог хаягдлын менежмент, сэргээгдэх эрчим хүч ашиглалт гэх мэт үзүүлэлтүүд багтдаг.

Нийгэм (Social) – Компаниудын нийгэмд үзүүлж буй эерэг болон сөрөг нөлөөллийг дүгнэдэг. Үүнд, ажилтнуудын эрх, хөдөлмөрийн аюулгүй байдал,  хамт олны хөгжил зэрэг үзүүлэлтүүд ордог.

Засаглал (Governance) – Компанийн удирдлага, ил тод байдал, хуулийн зохицуулалт, хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах зэрэгтэй холбоотой үзүүлэлтүүд багтдаг.

Яагаад ESG хөрөнгө оруулалт чухал вэ?

Санхүүгийн урт хугацааны тогтвортой байдал
ESG-ийн зарчмуудыг баримталдаг компаниуд урт хугацаанд илүү амжилттай ажиллаж, эрсдэлийг багасгах хандлагатай байдаг. Судалгаагаар ESG үзүүлэлт өндөр компанид хөрөнгө оруулсан хөрөнгө оруулагчид илүү тогтвортой өгөөж хүртдэг нь батлагдсан.

Эрсдэлийн зөв менежмент
ESG хөрөнгө оруулалтууд нь байгаль орчинд ээлтэй, нийгэмд хариуцлагатай, засаглалын ил тод байдал сайтай компаниуд уруу чиглэдэг тул хууль эрх зүй, зах зээлийн савлагаанаас хамаарсан эрсдэлээс өөрийгөө хамгаалах чадвар сайтай байдаг.

Нийгэм, хүрээлэн буй орчинд үзүүлэх эерэг нөлөөлөл
Хөрөнгө оруулалт хийхдээ зөвхөн санхүүгийн өгөөжийг бус, нийгэм, байгаль орчинд үзүүлэх нөлөөг харгалзан үзэх нь ирээдүйн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал үүрэгтэй.

Дэлхийн дахины чиг хандлага
Дэлхий даяар томоохон хөрөнгө оруулалтын сангууд ESG зарчмуудыг үйл ажиллагаандаа баримталж эхэлсэн. Хувийн хөрөнгө оруулагчдаас эхлээд томоохон корпорацууд ESG зарчимд нийцсэн хөрөнгө оруулалтыг илүүд үзэх хандлага давамгайлж байна.