HSG ByteDance-ийг 370 тэрбум долларын үнэлгээнд хүргэх “Continuation fund” байгуулж магадгүй.

Хятадын томоохон венчур хөрөнгө оруулалтын компани HSG (хуучнаар Sequoia Capital China) нь “continuation fund” хэлбэрийн шинэ хөрөнгө оруулалтын сан байгуулах замаар ByteDance компанийн үнэлгээг 350–370 тэрбум ам.долларт хүргэхээр зорьж байгаа талаар эх сурвалжууд мэдээлжээ.

Энэхүү “Continuation fund” нь HSG-ийн өмнөх сангуудад багтаж байсан ByteDance-ийн хувьцааны тодорхой хэсгийг шинэ санд шилжүүлэх замаар бүтэцлэгдэх бөгөөд ингэснээр тус компанийн үнэлгээ мэдэгдэхүйц өсөх боломжтой гэж эх сурвалжууд онцолсон байна. “Continuation fund” гэдэг нь одоо байгаа хөрөнгө оруулалтыг илүү урт хугацаанд хадгалах, шинэ хөрөнгө татах зорилготой санхүүгийн бүтэц юм.

HSG нь ByteDance-ийн гадаадын хамгийн том хөрөнгө оруулагчдын нэг бөгөөд одоогоор компанийн 11 гаруй хувийг эзэмшдэг ч яг хэдэн хувь нь шинэ санд шилжих нь тодорхой болоогүй байна. Шинэ санал болгож буй энэхүү үнэлгээ нь ByteDance-ийн ажилчдын хувьцаа буцаан худалдан авах сүүлийн ханшаас өндөр байгаа ч, 2025 оны сүүлчээр хоёрдогч зах зээл дээр яригдаж байсан 480 тэрбум долларын үнэлгээнээс доогуур түвшинд байна. TikTok-ийг эзэмшигч ByteDance компани 2025 онд орлогын өсөлтөөрөө Meta-г давсан бөгөөд ашигт ажиллагаа нь тогтвортой нэмэгдэж байгаа нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг дахин татах болсон гол хүчин зүйл гэж зах зээлийн ажиглагчид үзэж байна.

Одоогоор HSG болон ByteDance-ийн зүгээс уг сангийн талаар албан ёсны тайлбар хийгээгүй байгаа ч энэхүү хэлцэл бодитоор хэрэгжвэл дэлхийн венчур хөрөнгө оруулалтын зах зээлд томоохон анхаарал татах үйл явдал болохоор байна.