SoftBank OpenAI-д 30 тэрбум ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалт хийхээр хэлэлцэж байна.

Японы технологийн хөрөнгө оруулалтын томоохон групп SoftBank Group Corp нь АНУ-ын хиймэл оюун ухааны тэргүүлэгч компани OpenAI-д 30 тэрбум ам.доллар хүртэлх нэмэлт хөрөнгө оруулалт хийх талаар хэлэлцэж байгааг эх сурвалжууд мэдээллээ.

Энэхүү хэлэлцээр хэрэгжвэл OpenAI-ын шинэ хөрөнгө босголтын нэг хэсэг болж, нийтдээ 100 тэрбум ам.долларын санхүүжилт татах зорилготой байгааг Wall Street Journal онцолсон байна.

Үүний үр дүнд OpenAI-ын үнэлгээ ойролцоогоор 830 тэрбум ам.долларт хүрэх боломжтой гэж үзэж байна. SoftBank нь өмнө нь, 2025 оны 12-р сард OpenAI-д 41 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, тус компанийн ойролцоогоор 11 хувийг эзэмших болсон юм.

Энэ удаагийн нэмэлт хөрөнгө оруулалт нь SoftBank-ын хиймэл оюун ухааны салбарт тавьж буй урт хугацааны стратегийн төлөвлөгөөг улам бататгах алхам гэж шинжээчид үзэж байна. Мөн SoftBank болон OpenAI нь хамтран “Stargate” нэртэй 500 тэрбум ам.долларын өртөгтэй хиймэл оюун ухааны дата төвийн томоохон төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ нь дэлхийн хэмжээнд AI дэд бүтцийг өргөжүүлэх зорилготой ажээ. Одоогоор SoftBank болон OpenAI-ын зүгээс энэхүү хэлэлцээний талаар албан ёсны тайлбар хийгээгүй байна.