“SoftBank Vision Fund” ажилтнуудынхаа 20%-ийг цомхотгож, хиймэл оюун ухаанд чиглэсэн өндөр эрсдэлтэй, томоохон төслүүд рүү хөрөнгө оруулж байна.

Япон улсын SoftBank Group-ийн “Vision Fund” нь дэлхий даяар нийт ажилтныхаа 20 гаруй хувийг цомхотгож, хиймэл оюун ухааны төслүүд рүү илүү анхаарлаа чиглүүлж байгаа гэжээ. Эдгээр цомхотгол нь 2022 оноос хойших уг сангийн гурав дахь удаагийнх нь юм.

Vision Fund-д одоогоор ОУ даяар 300-аас дээш ажилтан ажиллаж байгаа. Сүүлийн үед уг сангийн хөрөнгө оруулалтын портфолио ихээхэн төрөлжсөн байсан бол одоо үүнийг багасгаж, үүсгэн байгуулагч Масайоши Сонгийн хиймэл оюун ухааны томоохон санаачилгууд буюу Stargate төсөлд илүү төвлөрөх гэж байна. Энэ төсөлд АНУ-д дата төвүүдийн сүлжээ байгуулах төлөвлөгөө багтаж байгаа аж.

Vision Fund одоогоор 658 тэрбум ам.долларын активын удирдлагатай байгаа бөгөөд өнгөрсөн жилүүдэд OpenAI-д 9.7 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийжээ. SoftBank-ийн шинээр барьсан стратеги нь чип үйлдвэрлэгч Arm, Graphcore, Ampere Computing зэрэг компаниудад хөрөнгө оруулалтуудаа нэмэх зэрэг дэд бүтцэд суурилсан, их хэмжээний хөрөнгө шаардагдах төслүүд рүү чиглэж байна.

Ийм их хэмжээний төсөл хэрэгжүүлэхэд хугацаа алдах, төсөв тасалдах зэрэг гүйцэтгэлийн эрсдэлүүд байгаа бөгөөд үүний нэг жишээ нь АНУ дахь Stargate төсөл болон Японд OpenAI-тай хамтарсан төслүүдийн саатлууд юм. SoftBank-ийн Санхүүгийн захирал Ёшимитсу Гото нь сүүлд (наймдугаар сард) компанийн танилцуулгад 4 их наяд иений бэлэн мөнгө буюу ≈27 тэрбум доллартой байгаа нь “маш эрсдэлгүй түвшинд” байна гэж мэдэгдсэн байна.