SpaceX IPO хийх бэлтгэлээ хангаж, Уолл Стрийтийн дөрвөн том банкийг сонгожээ.

АНУ-ын тэрбумтан Илон Маскийн үүсгэн байгуулсан сансар, пуужингийн технологийн SpaceX компани ойрын жилүүдэд олон нийтэд хувьцаагаа гаргах (IPO) боломжийг судалж, Уолл Стрийтийн дөрвөн том банктай урьдчилсан хэлэлцээ хийж эхэлсэн талаар Financial Times сонин мэдээллээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр, SpaceX нь Bank of America, Goldman Sachs, JPMorgan Chase, Morgan Stanley зэрэг хөрөнгө оруулалтын банкнуудыг боломжит IPO-ын андеррайтераар сонгон ажиллуулахаар төлөвлөж байгаа аж. Хэдий эцсийн шийдвэр хараахан гараагүй ч эдгээр банкнууд IPO-ын гол зохион байгуулагч болох өндөр магадлалтай гэж мэдээлэлд дурджээ. Бид өмнө нь мэдээлсэнчлэн, Morgan Stanley банк нь Илон Масктай олон жилийн турш ойр хамтран ажиллаж ирсэн тул IPO-ын үйл явцад онцгой үүрэг гүйцэтгэх боломжтой хэмээн зах зээлийн оролцогчид үзэж байна.

Үүнээс гадна бусад банкнууд ч уг хэлцэлд нэгдэх боломж нээлттэй хэвээр байгаа ч хэлэлцээр одоогоор урьдчилсан шатандаа явж байгаа аж. SpaceX компани одоогоор олон нийтэд нээлттэй биш бөгөөд хувийн зах зээл дээрх хоёрдогч арилжаагаар дамжуулан хувьцаагаа борлуулж ирсэн. Сүүлийн үеийн мэдээллээр, эдгээр хэлцлүүдийн хүрээнд компанийн үнэлгээ ойролцоогоор 800 тэрбум ам.долларт хүрээд байгаа нь зах зээлийн анхаарлыг ихээхэн татаж байна.

Хэрэв SpaceX 2026 онд IPO-оо амжилттай хэрэгжүүлбэл энэ нь дэлхийн санхүүгийн зах зээлийн түүхэн дэх хамгийн том IPO-уудын нэг болох боломжтой гэж шинжээчид дүгнэж байна. Уг алхам нь зөвхөн сансар судлалын салбарт төдийгүй дэлхийн хөрөнгийн зах зээлд томоохон өөрчлөлт авчрах магадлалтай юм.