Дэлхийн хедж сангуудын талаас илүү нь криптовалютын зах зээлд хөрөнгө оруулжээ.

Дэлхийн хедж сангуудын криптовалютын хөрөнгө оруулалт нэмэгдэж, нийт сангийн 55 хувиас дээш нь криптод оролцож байгаа талаар Alternative Investment Management Association (AIMA) болон PwC-ийн хамтран гаргасан шинэ судалгаагаараа мэдээллээ. Судалгаагаар 2025 оны эхний хагас жилд судалгаанд хамрагдсан хедж сангийн 55 хувь нь крипто хөрөнгө оруулалттай байсан нь өмнөх жилийн 47 хувиас өссөн үзүүлэлт юм. Эдгээр сангууд дунджаар өөрсдийн хөрөнгө оруулалтын портфолиогийн ойролцоогоор 7 хувийг криптовалют болон түүнтэй холбоотой хөрөнгөд зарцуулжээ.

Хэдий тийм ч криптод зарцуулсан хэмжээ харилцан адилгүй байсан бөгөөд оролцогч сангуудын тал нь хөрөнгө оруулалтынхаа 2 хувиас бага хэсгийг л криптовалют руу хуваарилсан байна. Судалгаанд дурдсанаар, эдгээр сангуудын 67 хувь нь криптовалютыг шууд худалдаж авах хэлбэрээр бус, харин дериватив буюу үнэ ханшийн хөдөлгөөн дээрх хэлцлүүдээр орох хэлбэрээр ашиглаж байна.

AIMA-гийн шинжээчид криптовалютын зах зээлд оролцож буй хедж сангийн тоо нэмэгдэж байгааг зах зээлийн төлөвшил, институционал хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэж буй хандлагатай холбон тайлбарлажээ. Гэвч үүний зэрэгцээ зохицуулалтын тодорхой бус байдал, зах зээлийн өндөр савлагаа нь санхүүгийн тогтвортой байдалд нөлөөлөх эрсдэлтэй хэвээр байгааг анхааруулсан байна.

АНУ болон Европын зарим оронд криптовалютын зах зээлд хууль эрхзүйн орчныг тодорхой болгох алхмууд хийгдэж байгаа нь хедж сангуудын оролцоог нэмэгдүүлэх нэг шалтгаан болж байна гэж шинжээчид үзэж байна.