Форвард хэлцэл гэж юу вэ?

Форвард хэлцэл нь санхүүгийн болон арилжааны зах зээлд өргөн хэрэглэгддэг үүсмэл санхүүгийн хэрэгсэл бөгөөд хоёр тал хоорондоо тодорхой хугацааны дараа, урьдчилан тохиролцсон нөхцөл, үнээр тодорхой хөрөнгө эсвэл бараа бүтээгдэхүүнийг арилжаалахаар тохирсон хэлцэл буюу гэрээг хэлнэ. Энэхүү хэлцэл нь санхүүгийн зах зээлд эрсдэлийг бууруулах, ирээдүйд үнийн хэлбэлзлээс сэргийлэх зорилготой байдаг. Форвард хэлцэл нь түүхий эдийн зах зээл, санхүүгийн зах зээл, олон улсын худалдааны салбаруудад өргөн хэрэглэгддэг.

Форвард хэлцэл нь дараах ашиг тустай. Үүнд:

  • Үнийн эрсдэлийг удирдах
    Форвард хэлцлийг ирээдүйн үнийн өөрчлөлтөөс үүсэх эрсдэлийг бууруулах зорилгоор ашигладаг. Жишээлбэл, экспортлогч компани тухайн бүтээгдэхүүнийхээ үнийг өнөөдрийн зах зээлийн үнээр урьдчилан тохиролцож, ирээдүйд үнийн огцом бууралтаас зайлсхийх, худалдан авагч тал үнийн хэт хөөрөгдлөөс хамгаалах зорилготой хэлцэл хийж, эрсдэлийг удирддаг.
  • Төлөвлөлтийн тодорхой байдал
    Форвард хэлцлийн тусламжтайгаар аж ахуйн нэгжүүд ирээдүйн орлого, зардлаа урьдчилан төлөвлөж, санхүүгийн тогтвортой байдлыг хангах нөхцөл бүрддэг.

Форвард хэлцэл нь санхүүгийн эрсдэлийг удирдах, ирээдүйн нөхцөл байдлыг урьдчилан харж төлөвлөхөд чухал үүрэг гүйцэтгэдэг. Харин энэхүү хэрэгслийг ашиглахдаа зах зээлийн мэдлэг, гэрээний нөхцөлд анхаарал хандуулж, эрсдэлийг зөв тооцоолох шаардлагатай. Форвард хэлцлийг үр ашигтайгаар ашиглах нь байгууллагын санхүүгийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэх, төлөвлөсөн ашиг орлогоо хамгаалахад томоохон түлхэц үзүүлдэг санхүүгийн хэрэгслүүдийн нэг юм.