Хедж сангуудын нийт хөрөнгө түүхэн дээд түвшин буюу 5 их наяд ам.долларт хүрлээ.

ОУ-ын нийт хедж сангуудын удирдаж буй хөрөнгө 2025 оны гуравдугаар улирлын эцсээр 5 их наяд ам.долларт хүрч, түүхэндээ хамгийн өндөр түвшинд хүрсэн талаар Hedge Fund Research (HFR) мэдээлжээ.

HFR-ийн тайланд дурдсанаар, 2025 оны гуравдугаар улирлын эцсийн байдлаар хедж сангуудын тоо 8,464 болж, энэ нь 2015 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Хөрөнгө оруулагчид 2025 оны гуравдугаар улиралд нийтдээ 337 сая ам.долларын цэвэр хөрөнгө оруулалт (net inflow) хийсэн нь 2007 оноос хойших хамгийн өндөр нэмэгдэлд тооцогдож байна. Шинэ хөрөнгө оруулалтын дийлэнх хэсгийг хувьцаанд төвлөрсөн (equity hedge) стратегитэй сангууд татсан бол, дараагийн хамгийн их хөрөнгө орсон ангилал нь relative value буюу зах зээлийн үнэлгээнд тулгуурлан хөрөнгө оруулдаг стратегитай сангууд гэж тус байгууллага онцолсон байна.

HFR-ийн ерөнхийлөгч Кеннет Ж. Хайнц (Kenneth J. Heinz) хэлэхдээ, “Хедж сангийн салбар дахь хөрөнгийн өсөлт нь хүчтэй хөрөнгө оруулалтын урсгал, шинэ хөрөнгө оруулагчдын итгэл, мөн дэлхийн зах зээлийн чиг хандлагын өөрчлөлттэй нягт холбоотой” хэмээн тэмдэглэжээ. Хэдийгээр дэлхийн эдийн засагт тодорхой эрсдэлүүд хадгалагдсаар байгаа ч, хедж сангуудын хөрөнгийн энэхүү өсөлт нь хөрөнгө оруулагчид эрсдэлийг удирдах уян хатан стратегийг илүүд үзэж буйг харуулж байна гэж шинжээчид дүгнэж байна.