Хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэх нь.
Хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэх гэдэг нь санхүүгийн зах зээл дээрх эрсдэлийг бууруулж, өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд хөрөнгө оруулалтыг төрөлжүүлэх стратеги юм. Энэ нь зөвхөн хөрөнгөө өсгөхөөс гадна санхүүгийн баталгаатай, тогтвортой ирээдүйг бий болгоход чухал үүрэгтэй. Хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэхийн ач холбогдол, үйл явц болон анхаарах гол хүчин зүйлсийг энэхүү нийтлэлээр танилцуулъя.
Хөрөнгө оруулалтын багц гэж юу вэ?
Хөрөнгө оруулалтын багц гэдэг нь хувь хүн эсвэл байгууллагын эзэмшиж буй олон төрлийн хөрөнгө оруулалтын хэрэгслийн нэгдэл юм. Үүнд хувьцаа, бонд, үл хөдлөх хөрөнгө, алт, эсвэл бусад санхүүгийн хэрэгслүүд орж болно. Багц бүрдүүлэлтийг тухайн хөрөнгө оруулагчийн зорилго, эрсдэлийн түвшин, санхүүгийн боломжид тохируулан хийдэг.
Хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэх нь олон давуу талтай. Үүнд:
Эрсдэлийг бууруулах
Хөрөнгө оруулалтыг төрөлжүүлэх замаар зах зээлийн хэлбэлзлээс үүсэх эрсдэлийг багасгаж болно. Нэг салбар эсвэл нэг хөрөнгөөс хамааралтай байх нь хөрөнгө оруулагчийн эрсдэлийг нэмэгдүүлдэг тул олон төрлийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийж, эрсдэлээ тараан байршуулах нь чухал юм.
Өгөөжийг нэмэгдүүлэх
Төрөлжүүлсэн хөрөнгө оруулалт нь зах зээл дээрх өгөөжийг тогтвортой байлгаж, нэг хөрөнгөөс үүсэх алдагдлыг бусад хөрөнгөөс олох өгөөжөөс нөхөх боломжийг бий болгодог.
Санхүүгийн зорилгод хүрэх
Хөрөнгө оруулалтын багц нь санхүүгийн богино болон урт хугацааны зорилгод хүрэхэд чиглэсэн стратегийг хэрэгжүүлэх боломжийг бий болгодог.
Таны хөрөнгө оруулалтын багцыг бүрдүүлэхэд дараах байдлаар ажиллана. Үүнд:
Зорилго тодорхойлох
Таны хөрөнгө оруулалтын зорилго юу вэ? Та машин, байр худалдаж авахад зориулсан хуримтлал үүсгэхээр төлөвлөж байна уу? эсвэл хүүхдийн сургалтын төлбөр төлөх, гадаадад аялах зорилгоор хуримтлал үүсгэхээр төлөвлөж байна уу? гэдгээс шалтгаалан богино хугацаанд ашиг олох, урт хугацаанд хөрөнгө өсгөх, эсвэл тэтгэврийн сан бий болгох уу? гэсэн сонголтууд танд байна.
Эрсдэлийн түвшнээ тодорхойлох
Та хэр хэмжээний эрсдэл даах чадвартай эсвэл боломжтой вэ? гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Таны эрсдэл даах чадвар өндөр байх тусам таны хүртэх өгөөжийн түвшин нэмэгдэнэ.
Судалгаа хийх
Зах зээлийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалтын хэрэгслүүдийн өгөөж, эрсдэлийг сайтар судлах шаардлагатай.
Хөрөнгөө хуваарилах
Та өөрийн хөрөнгийг дээрх судалгаанаас гадна өөрийн зорилго, эрсдэл даах чадвартаа тохируулан хувьцаа, бонд, үл хөдлөх хөрөнгө зэрэг олон төрлийн хөрөнгө оруулалтын хэрэгсэлд хуваан байршуулах хэрэгтэй.
Хяналт, шинэчлэлт хийх
Өөрийн бүрдүүлсэн хөрөнгө оруулалтын багцад орсон хэрэгслүүд, зах зээлийн нөхцөл байдалтай холбоотой мэдээ, мэдээлэл, судалгаатай байнга танилцаж, зах зээлийн өөрчлөлтөд тохируулан багцаа тогтмол хянаж, шаардлагатай тохиолдолд шинэчлэл хийж байх хэрэгтэй.
Таны хөрөнгө оруулалт хийх боломжит мөнгөн хөрөнгийн хэмжээ нь багцын хэмжээг тодорхойлох гол хүчин зүйл юм. Эдийн засгийн байдал, инфляц, хүүгийн түвшин зэрэг зах зээлийн үзүүлэлтүүд нь хөрөнгө оруулалтын оновчтой шийдвэр гаргахад нөлөөлдөг тул мэргэжлийн хөрөнгө оруулагч эсвэл санхүүгийн зөвлөхтэй хамтран ажиллах нь танд оновчтой багц бүрдүүлэхэд тусална.
Хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэх нь хөрөнгө оруулалтын эрсдэлийг удирдаж тогтвортой өгөөж хүртэх, санхүүгийн амжилтад хүрэх үр дүнтэй арга юм. Үүнийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд тодорхой зорилго тавьж, эрсдэлээ хянаж, хөрөнгөө төрөлжүүлэхэд анхаараарай. Ингэснээр та санхүүгийн хэрэгцээгээ хангахаас гадна ирээдүйн санхүүгийн чадамжийг нэмэгдүүлэх үндэс болдог.
Та яг одооноос эхлэн өөрийн хөрөнгө оруулалтын багцаа бүрдүүлээрэй.