Berkshire Hathaway-ийн хөрөнгө оруулалтууд

Warren Buffett-ийн удирддаг Berkshire Hathaway компани 2025 оны 5-р сарын 15-нд гаргасан тайландаа, согтууруулах ундааны үйлдвэрлэгч Constellation Brands компанид эзэмшдэг хувьцаагаа хоёр дахин нэмэгдүүлж, 12 сая ширхэг хувьцаа буюу 2.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн болохоо мэдэгдлээ. Энэ нь тус компанийн нийт хувьцааны 6.6%-ийг эзэлж байна.

Үүний зэрэгцээ, Berkshire Hathaway нь Citigroup болон Бразилийн финтек компани Nubank гэх санхүүгийн байгууллагуудад хийсэн хөрөнгө оруулалтаа бүрэн зогсоож, Bank of America болон Capital One дахь эзэмшлээ бууруулсан байна. 2025 оны эхний улиралд тус компани 3.18 тэрбум ам.долларын хувьцаа худалдан авч, 4.68 тэрбум ам.долларын хувьцаа борлуулсан бөгөөд энэ нь арван улирал дараалан хувьцааг борлуулж буй дүн нь худалдан авч буй дүнгээс илүү гарсан үзүүлэлт юм.

Berkshire Hathaway нь мөн Apple компанийн 300 сая ширхэг хувьцааг эзэмшдэг бөгөөд нийт 66.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Мөн Японы худалдааны таван компанид хийсэн хөрөнгө оруулалтын хэмжээгээ нэмэгдүүлжээ. 2025 оны 3-р сарын эцэст тус компанийн бэлэн мөнгө болон түүнтэй адилтгах хөрөнгө 347.7 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Berkshire Hathaway-ийн ТУЗ-ийн дарга Warren Buffett 94 настай бөгөөд 2026 оны 1-р сарын 1-нээс эхлэн компанийн гүйцэтгэх захирлын албыг Greg Abel хүлээн авах бөгөөд Buffett ТУЗ-ийн даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах юм.

Эх сурвалж: Reuters.com